I БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Ерөнхий зүйл
1.1. “BMS систем” нь бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, худалдах, түгээх, борлуулах, хүргэлт хийх, хянах, тайлан авах, урамшуулал олгох, маркетинг хийх, зар сурталчилгаа түгээх, санхүүгийн үйлчилгээ авах боломжийг цогц байдлаар хангасан, https://bms.mn веб сайт болон BMS аппликейшн бүхий систем (цаашид “систем” гэх) байх ба “ЭмЭфСи” ХХК-ийн өмч байна.
1.2. Энэ Систем ашиглах журам (цаашид “журам” гэх)-г Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн систем ашиглах нөхцөл тогтоох, систем ашиглахтай холбоотойгоор мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.3. Систем ашиглах гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний дагуу систем ашиглах 18 насанд хүрсэн хувь хүн, хуулийн этгээд (цаашид “Ашиглагч” гэх) нар энэ журмыг дагаж мөрднө. Талууд гэрээг цахим хэлбэрээр байгуулах ба Ашиглагч нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л өөрийн нууц үгийг ашиглаж, системд нэвтрэх шаардлагатай. Ашиглагч нь гэрээг байгуулснаар дараах үүрэг, үр дагавар үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрч, дараах зөвшөөрөл, эрхийг олгож, баталгаажуулсан гэж үзнэ. Үүнд:
1.3.1. Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээгээр дамжуулан өөрийн мэдээллийг өгөх, үйлчилгээ авах;
1.3.2. Мэдээллийн эзний хувиар өөрийн мэдээллийг системд цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах;
1.3.3. Мэдээллийн эзний хувиар бусад Ашиглагчид мэдээллийг илгээх, дамжуулах;
1.3.4. Мэдээлэл дамжуулсан байгууллагад Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг зөвшөөрөх;
1.3.5. Системтэй холбоотойгоор мэдээллийг эрсдэлгүй, тасалдалгүй хадгалах арга хэмжээ авах;
1.3.6. Ашиглагчийн зөвшөөрлөөр ХУР, ДАН системээр дамжуулан Төрийн цахим мэдээллийн санд хандаж Ашиглагчийн мэдээллийг холбогдох хуулийн этгээдэд үнэн бодитоор илгээх;
1.3.7. Ашиглагчийн хувийн мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж холбогдох этгээдэд илгээх;
1.3.8. Ашиглагчийн хүсэлт дамжуулах, системд бүртгэх, ашиглах, системээр дамжих бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх;
1.3.9. Мэдээлэл, үйлчилгээ хүргэх үүднээс боломжит байршлийг харуулах зорилгоор байршлийн мэдээллийг авах;
1.3.10. Систем ашиглах нөхцөл, хэмжээг тооцох;
1.3.11. Хэрэгцээтэй зар, мэдэгдэл хүргүүлэх, хамтран ажиллагч гуравдагч этгээдийн зар мэдээллийг дамжуулах;
1.3.12. Бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлийг үнэлэх, санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, сайжруулах;
1.3.13. Бүтээгдэхүүн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, тандалт хийх;
1.3.14. Хуулиар тогтоосон аливаа шаардлагга биелүүлэх, нийцлийг хангах.
1.4. Ашиглагч системд нэвтэрснээр гэрээ байгуулсанд тооцож, үйлчилж эхлэх ба гэрээг дуусгавар болгох, цуцлах хүртэл хүчин төгөлдөр байна. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болох ба гэрээний хамт хүчин төгөлдөр байна.
2.
Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсанаар ойлгоно. Үүнд:
2.1.1. “бараа” гэж системээр дамжуулан захиалсан, худалдсан, борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн буюу бусад байдлаар захиран зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг,
2.1.2. “BMS захиалга” гэж Системээр дамжуулан Ашиглагчийн бүтээгдэхүүнийг захиалах, захиалгын хяналт хийх, бүтээгдэхүүний үлдэгдлийг тооцоолох, захиалгыг автоматжуулах, захиалгын тайлан авах бололцоог хангасан системийн модулийг,
2.1.3. “BMS борлуулалт” гэж Системээр дамжуулан Ашиглагч бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтын урамшуулал үзүүлэх, борлуулалтын тайлан авах, борлуулалтын тооцоо хийх, авлагын менежмент хийх бололцоог хангасан системийн модулийг,
2.1.4. “BMS түгээлт” гэж Системээр дамжуулан Ашиглагчийн бүтээгдэхүүнийг түгээх буюу байнгын шинж чанартай хүргэлт хийх захиалга авах, түгээлтийн онлайн хяналт хийх, маршрут тогтоох, түгээлтийг автоматжуулах, түгээлтийн тайлан авах бололцоог хангасан системийн модулийг,
2.1.5. “BMS хүргэлт” гэж Системээр дамжуулан Ашиглагчийн бүтээгдэхүүнийг нэг удаагийн худалдан авагчид хүргэлт хийх захиалга авах, хүргэлтийн онлайн хяналт хийх, маршрут тогтоох, хүргэлтийг автоматжуулах, хүргэлтийн тайлан авах бололцоог хангасан системийн модулийг,
2.1.6. “BMS тайлан” гэж Ашиглагчийн бүтээгдэхүүний захиалга, түгээлт, борлуулалт, хүргэлт, урамшуулал, төлбөр тооцоотой холбоотой тайлан авах бололцоог хангасан системийн модулийг,
2.1.7. “BMS урамшуулал” гэж Системээр дамжуулан борлуулсан Ашиглагчийн бүтээгдэхүүнд урамшуулал олгох, борлуулалтын төлөвлөлт хийх, маркетинг хийх, зар сурталчилгаа хийх, борлуулалтыг дэмжих бололцоог хангасан системийн модулийг,
2.1.8. “BMS санхүүгийн үйлчилгээ” гэж Системээр дамжуулан Ашиглагч бүтээгдэхүүний захиалга, түгээлт, борлуулалт, хүргэлт, урамшуулалтай холбоотой төлбөр тооцоо хийх, санхүүжилт авах, авлагын менежмент хийх, даатгалд хамрагдах, хадгаламж хийх, урамшуулал авах бололцоог хангасан системийн модулийг,
2.1.9. “BMS дата” гэж Системээр дамжуулан хийсэн Ашиглагчийн бүтээгдэхүүний захиалга, түгээлт, борлуулалт, хүргэлт, хяналт, анхан шатны санхүүгийн тайлан, урамшуулал, маркетинг, зар сурталчилгаа, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээ мэдээллийг Ашиглагч өөрийн компьютерт хадгалсан мэдээллийн баазыг. BMS нь сүүлийн 31 хоногийн дата хадгалах бөгөөд түүнээс өмнөх дата автоматаар устгагдах тул 30 хоногоос өмнөх дата гарган өгөх боломжгүй байна.
2.1.10. "мэдээллийн систем" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг;
2.1.11. "мэдээллийн сүлжээ" гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг;
2.1.12. "мэдээллийн эзэн" гэж систем ашиглахийг зөвшөөрч мэдээллээ өгсөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан хүн болон тухайн мэдээллээр тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг;
2.1.13. "мэдээлэл ашиглах" гэж мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;
2.1.14. "мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг;
2.1.15. "мэдээлэл хариуцагч" гэж хуульд заасны дагуу, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
2.1.16. "мэдээлэл цуглуулах" гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
2.1.17. "нийтийн мэдээллийн дэд бүтэц" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг;
2.1.18. "нийтийн мэдээлэл" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг;
2.1.19. "цахим баримт бичиг" гэж мэдээллийн системийг ашиглан үүсгэх, боловсруулах, хадгалах, илгээх болон хүлээн авах боломжтой мэдээллийг.
2.1.20. "биометрик мэдээлэл" гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг;
2.1.21. "генетик мэдээлэл" гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг;
2.1.22. "даруй" гэж боломжит богино хугацааг;
2.1.23. "захидал харилцааны мэдээлэл" гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг;
2.1.24. "хөрөнгийн мэдээлэл" гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг;
2.1.25. "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
2.1.26. "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг;
2.1.27. "хүнийг тодорхойлох боломжгүй болгох" гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгохыг;
2.1.28. "цахим тодорхойлогч" гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг;
2.1.29. "эрүүл мэндийн мэдээлэл" гэж хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг.
2.2. Журмын зүйл заалт, үг өгүүлбэрийг журамд заасан нэр томъёог үндэслэн тайлбарлах бөгөөд хэрэв тайлбарлаагүй тохиолдолд журмын агуулгад нийцүүлэн талбайрлана. Хэрэв журмын агуулгад нийцүүлэн тайлбарлах боломжгүй тохиолдолд журам батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын хуульд заасныг баримтлана.
3.
Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчим
3.1. Эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
3.2. Эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.3. Ялгаварлан гадуурхахгүй байх;
3.4. Мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах;
3.5. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
3.6. Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх.
II БҮЛЭГ. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ
4.
Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
4.1. Систем дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахыг Ашиглагч зөвшөөрнө. Үүнд:
4.1.1. мэдээллийн эзний зөвшөөрлөөр;
4.1.2. хуульд заасан үндэслэлээр;
4.1.3. хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх;
4.1.4. гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах;
4.1.5. хуульд заасны дагуу нийтэд ил болгосон;
4.1.6. хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, нээлттэй өгөгдөл, статистикийн мэдээлэл бэлтгэх.
5.
Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах
5.1. Мэдээллийн эзэн нь Системд өөрийн мэдээллийг оруулснаар систем болон бусад Ашиглагч түүний мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахыг мэдээллийн эзний хувиар зөвшөөрөл өгсөнд тооцно.
5.2. Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд дараах нөхцөлийг танилцуулж, зөвшөөрөл авсан гэж үзнэ. Үүнд:
5.2.1. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл нь энэ журмын нөхцөл болж байгаа, Ашиглагч өөрийн үйл ажиллагааг сайжруулах, өргөтгөх, шинэ боломжийг бий болгох, бусад Ашиглагч нартай холбогдох зорилгоор системийг ашиглах байгаа, системийн ажиллах зарчим, технологийн шийдлийг тодорхой байгаа;
5.2.2. мэдээлэл хариуцагчийн хувиар системд өөрийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих болон системээс шаардсан бусад мэдээллийг өгөх, мэдээллийн эзэн тэдгээртэй танилцах, боловсруулах, цуглуулах, ашиглах;
5.2.3. цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалтыг системээр тодорхойлох;
5.2.4. мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа нь Ашиглагч гэрээг цуцлах хүртэл үргэлжлэх;
5.2.5. мэдээллийг энэ журам болон хуульд заасны дагуу нийтэд ил болгох;
5.2.6. мэдээллийг бусад систем Ашиглагчид дамжуулах, системд заасны дагуу дамжуулах мэдээллийн жагсаалтыг зөвшөөрөх;
5.2.7. Ашиглагч системд болон мэдээлэл хариуцагчид бичгээр мэдэгдсэнээр мэдээллийн эзэн зөвшөөрлөө цуцлах.
5.3. Гэрээ байгуулснаар мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгсөн гэж тооцох бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. Цахим хэлбэртэй зөвшөөрөл нь хуульд заасан, эсхүл системд заасан арга хэрэгслээр олгогдох бөгөөд мэдээллийн эзэн хүлээн зөвшөөрч, нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулах замаар өгөгдсөн байна.
5.4. Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний мэдээллийг цуглуулахад түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
5.5. Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй.
5.6. Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь хууль зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ.
5.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогчийн Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй.
5.8. Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулахдаа мэдээллийн эзний зөвшөөрөлтэй болохоо өөрөө нотолно.
5.9. Мэдээлэл хариуцагч анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авна.
6.
Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
6.1. Ашиглагчийн эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.
6.2. Доор дурдсанаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно:
6.2.1. Гэрээнд заасны дагуу;
6.2.2. тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх;
6.2.3. иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх.
6.3. Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч болно.
7.
Генетик болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
7.1. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болох ба мэдээллийг ажил олгогч боловсруулж өөрчлөх, бусад этгээдэд дамжуулахыг хориглоно.
7.2. Мэдээлэл хариуцагч генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана. Мэдээлэл хариуцагч журмын дагуу тогтоосон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан нь мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.
Түүх, эрдэм шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
8.1. Системээс түүх, эрдэм шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн гэж тооцно. Мэдээлэл цуглуулсан зорилгоос үл хамааран түүх, эрдэм шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулж, ашиглаж болно.
8.2. Түүх, эрдэм шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэхдээ мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
8.3. Түүх, эрдэм шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглахад аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
9.
Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
9.1. Сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.
9.2. Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг Сэтгүүл зүйн зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно.
9.3. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
10.
Мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулах
10.1. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулан өгөхийг хориглоно.
11.
Мэдээллийг устгах
11.1. Мэдээлэл хариуцагч дараах үндэслэлээр мэдээллийг устгана:
11.1.1. мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр;
11.1.2. хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн;
11.1.3. хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулснаас бусад мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, эсхүл гэрээнд заасан, эсхүл харилцан тохиролцсон;
11.1.4. хуульд заасан бусад.
11.2. Хуульд өөрөөр заагаагүй бол 11.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдээллийг устгахыг хориглоно.
III БҮЛЭГ. МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
12.
Мэдээллийн эзний эрх
12.1. Мэдээллийн эзэн дараах эрхтэй:
12.1.1. мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах;
12.1.2. өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
12.1.3. мэдээлэл хариуцагчийн танилцуулах нөхцөлийг мэдэх;
12.1.4. мэдээллийн эзэнд хамааралтай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх;
12.1.5. алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
12.1.6. хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах;
12.1.7. мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг хориглосон, устгахаар заасан бол хэрэгжүүлэхийг шаардах;
12.1.8. өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цахим хэлбэрээр гаргуулан авах, өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах;
12.1.9. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа мэдээлэл хариуцагчид бичгээр мэдэгдэх;
12.1.10. мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах.
12.2. Мэдээллийн эзэн энэ хууль, Монгол Улсын олон улсын журамд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулах эрхтэй.
13.
Мэдээллийн эзний үүрэг
13.1. Мэдээллийн эзэн дараах үүрэгтэй:
13.1.1. өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах;
13.1.2. алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
13.1.3. эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх.
IV БҮЛЭГ. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ БОЛОН МЭДЭЭЛЭЛ
14.
Мэдээлэл хариуцагч
14.1. Мэдээлэл хариуцагч хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана.
14.2. Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар дараах үүрэгтэй:
14.2.1. хуульд нийцүүлэн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах журам баталж, мөрдүүлэх;
14.2.2. иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтаар мэдээллийн эзнийг таньж, баталгаажуулсны үндсэн дээр түүний талаар мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах;
14.2.3. мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа журмын 5.2-т заасан мэдээллээр хангах, мэдээлэл цуглуулж байгаа зорилго, үндэслэлийг мэдээллийн эзэнд ойлгомжтой, тодорхой тайлбарлах;
14.2.4. мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой гомдол гаргах эрхийн талаар мэдээллийн эзэнд тайлбарлах;
14.2.5. мэдээллийн эзэн мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үүсэж болох үр дагаврыг тайлбарлах;
14.2.6. мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд шийдвэр гаргах, түүнээс гарах үр дагаврын талаар мэдээллийн эзэнд тайлбарлах;
14.2.7. мэдээллийг мэдээллийн эзний иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын эх хувь, эсхүл цахимаар илгээсэн болон мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулгах;
14.2.8. мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх;
14.2.9. мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах, энэ талаар мэдээллийн эзэнд мэдэгдэх;
14.2.10. мэдээллийн эзний хүсэлтийг хүлээн авсны дараа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тохиолдолд мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлах;
14.2.11. мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөх;
14.2.12. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны талаар бүртгэл хөтлөх;
14.2.13. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад олж авсан мэдээллийг хадгалах;
14.2.14. мэдээллийн эзний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, хариу мэдэгдэх;
14.2.15. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар мэдээллийн эзэн, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх.
14.3. Журмын 14.2.10-т заасан мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлах нөхцөл нь мэдээллийн эзэнд хамаарах мэдээллийг боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлахад хамаарахгүй.
14.4. Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд хүндрэл үүсгэхгүйгээр, хялбар, ойлгомжтой байдлаар түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийг цуцална.
15.
Гэрээний үндсэн дээр мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэх
15.1. Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно. Уг гэрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилго, гэрээний хугацаа, мэдээллийн жагсаалт, мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг тусгана. Уг гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдээлэл боловсруулагч нь мэдээлэл хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэхийг хориглох бөгөөд хариуцлагын талаар гэрээнд тодорхой тусгана.
15.2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах үүргийг шилжүүлэн авсан мэдээлэл боловсруулагч дараах үүрэгтэй байна:
15.2.1. мэдээллийн эзний өгсөн зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл хариуцагчийн хяналт доор мэдээлэл цуглуулах, боловсруулах;
15.2.2. мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврын дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах;
15.2.3. мэдээлэл цуглуулах, боловсруулахтай холбоотой шаардлагатай мэдээллийг мэдээлэл хариуцагчид өгөх;
15.2.4. мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааны явцад олж авсан мэдээллийг хадгалах;
15.2.5. мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилго биелсэн бол мэдээлэл болон мэдээлэл боловсруулснаас гарсан үр дүнг мэдээлэл хариуцагчид хуулбар авч үлдэлгүй гэрээнд заасан хугацаанд өгөх, боловсруулахаар авсан мэдээллийг дахин ашиглах боломжгүйгээр устгах;
15.2.6. мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;
15.2.7. мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг гүйцэтгэх.
15.3. Мэдээлэл боловсруулагч мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг зөрчсөн нь мэдээлэл хариуцагчийг мэдээллийн эзний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
V БҮЛЭГ. МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
16.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
16.1. Мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
16.1.1. мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журам баталж үйл ажиллагаандаа мөрдөх;
16.1.2. мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээ, мэдээллийн эзэн болон холбогдох төрийн байгууллагад мэдээлэл хүргэх төлөвлөгөөг хуульд нийцүүлэн баталсан байх;
16.1.3. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авсан байх;
16.1.4. мэдээлэл ашиглахыг хязгаарлах, мэдээллийг устгах, мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох талаар журам, зааварчилгаа баталж, мөрдөх;
16.1.5. мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор үнэлгээг хийх.
16.2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
17.
Мэдээллийн эзэнд мэдэгдэл өгөх
17.1. Дараах тохиолдолд мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд мэдэгдэл даруй өгнө:
17.1.1. хүний эмзэг мэдээллийг ашигласан;
17.1.2. мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулахаас бусад үндэслэл, зорилгоор мэдээлэл боловсруулсан, боловсруулсан мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан;
17.1.3. мэдээллийн эзний мэдээллийг цуглуулснаас хойш журмын 5.2-т заасан нөхцөл өөрчлөгдсөн.
17.2. Мэдээлэл хариуцагч журмын 17.1-д зааснаас бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдэгдэл хүргүүлж болно.
18.
Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад илэрсэн зөрчлийн талаар мэдэгдэх
18.1. Мэдээлэл боловсруулагч мэдээлэл цуглуулах, боловсруулахад илэрсэн зөрчлийг мэдсэн даруйд энэ тухай мэдээлэл хариуцагчид мэдэгдэнэ. Зөрчил нь мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол мэдээлэл хариуцагч даруй мэдээллийн эзэнд мэдэгдэнэ. Мэдэгдэл дараах мэдээллийг агуулсан байна:
18.1.1. зөрчилд хамаарах мэдээллийн эзэн, мэдээллийн бүртгэл;
18.1.2. мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээлэл;
18.1.3. зөрчил, түүний улмаас учирч болзошгүй сөрөг үр дагавар;
18.1.4. зөрчил, түүний улмаас учирч болзошгүй сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээ.
18.2. Мэдээллийн эзэн энэ зүйлд заасан зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл хуульд заасны дагуу холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй.
18.3. Мэдээлэл хариуцагч зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний тухай бүртгэл хөтөлнө. Бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр сард Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх ба түүний шаардсанаар тухай бүр хүргүүлнэ.
19.
Үнэлгээ хийх
19.1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох бөгөөд дараах тохиолдолд үнэлгээ хийнэ:
19.1.1. мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах;
19.1.2. хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах.
19.2. Үнэлгээг Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлж, зөвлөмж гаргуулсны үндсэн дээр цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана. Үнэлгээ хийх аргачлал, журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
VI БҮЛЭГ. ДУУНЫ, ДҮРСНИЙ, ДУУ-ДҮРСНИЙ БИЧЛЭГИЙН СИСТЕМ
20.
Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем
20.1. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж нь технологийн тусламжтайгаар дууны, дүрсний, дуу-дүрсний мэдээлэл цуглуулах, дамжуулах, хадгалах боломж бүхий суурин болон хөдөлгөөнт техник хэрэгслээс бүрдэнэ. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж, мэдээлэл дамжуулах сүлжээ, хадгалах төхөөрөмж, программ хангамжаас бүрдэнэ.
20.2. Хуульд өөрөөр заагаагүй бол дараах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж болно:
20.2.1. ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
20.2.2. замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх.
20.3. Хуульд өөрөөр заагаагүй бол дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно:
20.3.1. ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
20.3.2. нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
20.3.3. нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах;
20.3.4. дүрсний бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг үзүүлэх, хуулбарлаж өгөх.
20.4. Энэ зүйлийн 20.2, 20.3-т заасан газар дууны, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
20.5. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийн талаарх анхааруулгыг иргэн саадгүй харах боломжтойгоор байршуулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
20.6. Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.
20.7. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь мэдээлэлд хандах эрхгүй этгээд хандахаас урьдчилан сэргийлэх техникийн болон үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байна.
VII БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ
21.
Мэдээллийн эзний гомдлыг шийдвэрлэх
21.1. Мэдээллийн эзэн мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ. Мэдээллийн эзэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
22.
Хориглох зүйл
22.1. Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно.
22.2. Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглоно.
22.3. Мэдээллийг олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.
23.
Хариуцлага
23.1. Тогтоосон журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.